Риека хотын дарга, Марко Филиппович хотын захиргааны байрандаа айлчлалын бие бүрэлдэхүүнийг ёслол төгөлдөр хүлээн авч уулзав. Уг уулзалтад Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциумын /ЗӨЕНУК/ -ын ерөнхийлөгч, Серби улсын хотуудын холбооны ерөнхийлөгч, Лешковач хотын дарга Горан Цветанович, дэд ерөнхийлөгч, Монтенегро улсын Бар хотын дарга Душан Рейчивич, гүйцэтгэх захирал Кэлмэнд Заяажи, албаны ажилтнууд, Хорват улсын хотуудын холбооны зөвлөх Дарио Рунтич, Риека хотын захиргааны төрийн ёслол, олон нийттэй харилцах алба хариуцсан зөвлөх Маяа Бошкович нар байлцлаа.
Дархан -Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын засаг дарга Т.Тулга нар уулзалтын үеэр Европын хотуудын тэргүүн туршлагуудыг орон нутагтаа нутагшуулах, аймгийн гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд НАЙРАМДАЛ төсөл нэгэн гүүр болон ажиллаж байгааг дурьдаад, энэ айлчлалын үр дүнд олон шинэ санаа, сайн туршлагуудыг орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.
• ЗӨЕНУК-ын ерөнхийлөгч Горан Цветанович хэлсэн үгэндээ Дархан-Уул аймагтай оёдлын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдсан.
• Риека хотын дарга Марко Филиппович нь ухаалаг хот, тогтвортой аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй тэргүүн туршлагаасаа хуваалцан энэ чиглэлд хамтын ажиллагаа үүсгэхэд бэлэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.