Форум I
“Найрамдал” төслийн анхны тэргүүн туршлага солилцох форум 2022 оны 7-р сарын 1, 2 ны өдрүүдэд Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа. Зүүн-Өмнөд Европын Нутгийн удирдлагын консорциумын ерөнхий нарийн бичгийн дарга Келменд Заяажи тэргүүтэй тус консорциумын хэрэг эрхлэх газрын ажилтнууд, Хорват улсын Риека хотын захирагч Марко Филипович, Словени Улсын Аядовшчина хотын захирагч Тадеч Беочанин, Словенийн хотын захиргаа, нутгийн холбооны (SOS) ерөнхий нарийн бичгийн дарга Ясмина Видмар, Монтенегро улсын Бар хотын захирагч Душан Райчевич Дархан хотод айлилж “Найрамдал” төслийн тэргүүн туршлага солилцох анхдугаар форумд оролцов.
Уг форумд Дархан-Уул аймгийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, эмэгтэйчүүд, залуучууд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон. Форумын хүрээнд Монгол улсын засгийн газраас баримталж байгаа төвлөрлийг сааруулах, бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж хөдөө орон нутагт хөдөө аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Найрамдал төслийн 2 дах удаагийн тэргүүн туршлага солилцох форум 2022 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Европ тивд зохион байгуулагдах гэж байна.