2022.11.07
Бизнес аялалын 8 дахь өдөр
• Адовшина хотод Люблянагийн Их сургуулийн салбар байдаг бөгөөд ухаалаг усалгааны систем, ухаалаг хортон шавжын мониторинг зэрэг инновац технологийг газар тариаландаа нэвтрүүлжээ. Хортон шавжын ухаалаг систем нь тухайн талбай дээрх хортон шавжыг бүлэг, зүйлээр нь ангилж, байршлыг тодорхойлно, тохирох устгалыг хийх, дараа жилийн хортон шавжын тархалтын хандлагыг тодорхойлох гэх мэт хиймэл оюун ухаанд суурилсан технологитой.
• Мөн бид 50 жилийн түүхтэй гэр бүлийн нэгэн бизнестэй танилцав. Зэвэрдэггүй гангаар хүнсний үйлдвэрлэл, эмийн болон ургамалын охь гаргаж авдаг үйлдвэрүүдэд ашигладаг ган танкуудыг үйлдвэрлэдэг энэ компани үйлдвэрлэлийн түүхий эдээ Европын бусад орнууд болон Энэтхэг улсаас татаж авдаг. Үйлдвэрийн захирал Симон Шкрли Монголд хамтарч ажиллах түнш байвал дуртайяа хамтарч ажиллана гэв.
• Мөн Словенидаа төдийгүй Европдоо алдартай Леоне зайрмаг, шоколадны үйлдвэрээр зочиллоо. Үйлдвэрийн маркетингийн менежер Кристиан Ерончич, Тамара Юричич Белломо нар үйлдвэрийнхээ талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ компани АПУ компанитай хамтран ажиллахаар зорьж байгаа юм байна. Маш сайн маркетингтэй энэ компани 1991 онд жижигхэн гражаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 600 гаруй ажилчинтай том үйлдвэр болтлоо өргөжин хөгжсөн байгаа нь бахархалтай.